Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зургадугаар Их хурал 1930 оны 4 дүгээр сард хуралдаж, тус хурлаас "Тус улсын прокурорын тушаалыг төв ба аймгуудын зэрэг газруудад үүсгэн байгуулж аливаа хянаж байцаах эрх хэмжээг тусгайлан тогтоовоос зохино” гэсэн шийдвэрийг гаргаж, уг шийдвэрийг үндэслэж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1930 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор "Прокурор ба прокурорын орон нутгийн хяналтын дүрэм"-ийг баталснаар Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөн түүхтэй.
1931-1932 онд Прокурорын байгууллагын нэгдмэл систем бүрэлдэн тогтож, прокуророос хуулийн биелэлтэд тавих дээд хяналтын ажлын удирдамж болох суурь хууль тогтоомжуудыг дагалдуулан баталжээ.
Төв аймгийн прокурорын газар нь орон нутагт байгуулагдсан анхны таван газрын нэг бөгөөд 1930 оны намар газар нутгийн хуваариар Улаанбаатар хотноо өнөөгийн Улсын багшийн их сургуулийн баруун хойно Зүүн хүрээнд хөх өнгийн жижигхэн модон байшинд эсгий бүрээстэй хоёр монгол гэрээр албан контороо хийж Богд хан уулын аймгийн прокурорын газар нэртэйгээр аймгийн прокурор нэг, мөрдөн байцаагч хоёр, нийт гурван орон тоотой ажиллаж эхэлжээ.
Бүгд Найрамдах Монгол Ард улсын засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар 1931 онд 13 аймаг байгуулагдахад Ардын засгийн үеийн анхны таван аймгийн нэг Богд хан уулын аймгийг Төв аймаг болгон өөрчилж аймгийн төвийг Улаанбаатар хотноо төвлөрүүлжээ.
Аймгийн прокурор анх байгуулагдсан үедээ зөвхөн шүүх мөрдөн байцаах ажилд хяналт тавьж байсан бол 1935 оноос аймаг сумын захиргааны ба аж ахуй, албан газар байгууллагын ажилд хяналт тавих, улс төрийн хэргээс бусад эрүүгийн бүх хэргийг мөрдөн байцаах ажлыг цөөн орон тооны дайчин шуурхай ажиллагаагaap барагдуулахын хамтаар сумын нарийн бичгийн дарга нарын мөрдөн байцаах ажлыг шалгаж зааварлах ажлыг нэгэн адил гүйцэтгэж байжээ.
Төв аймгийн прокурор 1940 он гэхэд аймгийн шүүхээс бүрэн тусгаарлаж үйл ажиллагаагаа явуулах болжээ. Ийнхүү тус байгууллагыг Шүүх яамны харьяанаас тусгаарлан байгуулснаар прокурорын байгууллага 1940 он гэхэд төвлөрсөн нэгдмэл системтэй бие даасан байгууллага болжээ.
1940 оны зургадугаар сард хуралдсан Улсын наймдугаар их хурлаас БНМАУ-ын Үндсэн хууль баталжээ. Үндсэн хуульд Улсын ба орон нутгийн прокурорын эрх үүрэг, зохион байгуулалтын зарчмыг анх удаа өргөтгөн тодорхойлсон байна. Тухайлбал: 71 дүгээр зүйлд: "Орон нутагт прокурорууд орон нутгийн ямар ч газарт хамаарагдахгүй, гагцхүү улсын прокурорт захирагдан өөрийн үүргийг гүйцэтгэнэ" гэж заажээ.
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 46 дугаар тогтоолоор прокурорын байгууллагын гурав дахь дүрмийг баталжээ. Дүрэмд "БНМАУ-ын бүх албан байгууллага, албан тушаалтан ард иргэд хуулийг хэрхэн чанд биелүүлж байгаад тавих дээд хяналтыг улсын прокурор гүйцэтгэх бөгөөд орон нутгийн ямар ч газарт хамаарагдахгүй гагцхүү улсын прокурорт захирагдан өөрийн үүргийг гүйцэтгэх" -ээр заасан байдаг.
1940 онд БНМАУ-ын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиуд гарсан нь прокурорын хяналт ба эрх үүргийг улам өндөржүүлсэн байна.
Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 12 дугаар тогтоолоор Төв аймаг Улаанбаатар хотоос нүүж, Богд Дүнжингарав уулын өвөрт өдгөөгийн Зуунмодны аманд төвлөрөхөд аймгийн прокурор ч хамт морь, тэмээн хөсөг хөлөглөн нүүж иржээ.
Улсын хэмжээнд анх удаа Төв аймгийн прокурор 1942 онд 1 туслах, 3 мөрдөн байцаагч нарийн бичгийн дарга, галч, цэвэрлэгчийн орон тоотойгоор ажиллах болсон байна.
1982 онд прокурорын газар нь аймгийнхаа 27 сум, 15 нэгдэл, 10 Сангийн аж ахуй, 2 Тариалангийн аж ахуйг харьяалан ажиллаж байв.
Харин өдгөө 13 прокурор, захиргаа, үйлчилгээний 15 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар