ПРОКУРОРООС АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АШИГЛАЛТЫГ ТҮР ЗОГСООЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРООС АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АШИГЛАЛТЫГ ТҮР ЗОГСООЖЭЭ

Прокурорын байгууллагаас зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн прокурорын газраас, аймгийн Цагдаагийн газар, Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Татварын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газруудтай хамтран Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 12 аж ахуй нэгж, 11 бичил уурхайн үйл ажиллагаа холбогдох хууль, журмаар тогтоосон хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхтэй танилцжээ.

Танилцах ажиллагаагаар бичил уурхай эрхлэх журам зөрчсөн 1, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан 2 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр түр зогсоох арга хэмжээ авсан байна.

Мөн зөрчлийн шинжтэй 7 тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хүн, амьтан, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй эрсдэлийг арилгуулах зорилгоор айл өрхүүд болон уурхайн бүс хооронд аюулгүйн зурвас бий болгох, уул уурхайн хайгуулын өрмийн 53 цооногийг  газар дээр нь бөглүүлэх арга хэмжээг авч ажилласан байна.