Төв аймгийн прокурорын газраас аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газар, аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэс, “Хөдөлмөр эрхлэлт аюулгүй ажиллагаа эрсдэлгүй амьдрал” ТББ-тай хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Төв аймгийн Заамар суманд зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлодог компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” зөрчсөн зөрчлийг илрүүлж 6 нөхөрлөлийн үйл ажиллагааг түр зогсоох, мөн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй 7 тохиолдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авсан.
Прокуророос уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн захирал, уурхайн дарга, алба хаагчдад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагч болон иргэдэд цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг, түүнээс урьдчлан сэргийлэх, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр яриа таниулга хийж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараалаа.
Оролцогч байгууллагуудын зүгээс дээрх шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудал, ус хөрсний бохирдол, уурхайн хог хаягдал, ашиглаж дууссан талбайд нөхөн сэргээлт хийж байгаа байдал, ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн талаар тус тус сургалт орж, мэдээлэл хийсэн юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар